Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Соёлын төвийн танилцуулга

Эрхэм зорилго:

Үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлж нээлттэй шударга соёлч байдлыг эрхэмлэн иргэдийн санал хүсэлтэд тулгуурлан ажиллаж, ард иргэдэд соёлын үрийг түгээх

Хэнтий аймгийн Хөвчийн Жонон вангийн хошуу Баян-Адарга сумын Соёлын байгууллага нь 1943 онд байгуулагдсан ба Одоогийн Жаргалант багийн төв болох Арангат гэдэг газар анх Ө.Намжилмаа даргатай “Улаан булан” нэртэй баригдаж байсан түүхтэй. Түүнээс хойш Соёлын төв нь Баян-Адарга сумын төв болох Дуурлиг багийн нутаг дэвсгэрт аж ахуйн аргаар баригдсан дүнзэн байшинд үйл ажиллагаа явуулж байсан ба  2015 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 1,0 тэрбум төгрөгний өртөгтэйгөөр шинэ стандартын барилга ашиглалтанд орж Баян-Адарга сумын хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулсан билээ.  Соёлын төв нь Үзвэрийн заал, Бүжгийн заал, Дуу хөгжмийн дугуйлангийн өрөө, Бүжгийн дугуйлангийн өрөө, ОНСТанхим, Эрхлэгчийн өрөө, Эрэгтэй эмэгтэй бэлтгэлийн өрөө, ариун цэврийн  зэрэг бүх өрөө тасалгаанууд стандартын дагуу зураг төслөөр баригдан ашиглалтанд орж иргэдийн сэтгэл ханамжид нийцэх олон сайхан үйл ажиллагааг шинэхэн ордондоо явуулж, ажил үүргээ гүйцэтгэн амжилттай ажиллаж байсан.   Соёлын төв нь Эрхлэгч , Хөгжмийн багш, Номын санч , Бүжгийн багш, Жижүүр, Үйлчлэгч гэсэн 7 орон тоотой үйл ажиллагаа явуулж байсан бол 2015 оноос эхлэн төсвийн тодотголд ажлын байрыг нэмэгдүүлэх санал хүсэлтийг хүргүүлснээр 8 орон тоотой үйл ажиллагаагаа явуулах болсон билээ. Соёлын төв нь сум орон нутаг болоод жуулчдад  орон нутгийн талаарх сонирхолтой мэдээллийг хүргэх үүднээс орон нутаг судлах музей байгуулан тохижуулсан. Монгол хатадын өргөө цогцолбороор зуны сайхан дэлгэр цагт олон жуулчид үйлчлүүлдэг ба соёлын бас нэгэн үнэт өв, түүхэн дурсгалт газар мөн бөгөөд соёлын байгууллага нэгээр нэмэгдсэн билээ. Соёлын өв тээгчид, түүхэн дурсгалт газар, сум орон нутгийн ард иргэдийн ураг төрөл, ах дүүсийн ариун удмын хэлхээ угийн бичиг зэрэг гол хүчин зүйлс мөн л соёлын төвөөр дамжуулагдаж, явагддаг. Соёлын төв нь иргэдийг соён гэгээрүүлэхээс гадна оюун ухааны томоохон хөрөнгө оруулалтыг хийдэг бас нэгэн салшгүй хэсэг нь номын сан байдаг. Манай номын сан нь фонддоо 1864 номтой бөгөөд сар бүр баяжилт хийж, иргэдэд үйлчлэн ажилладаг билээ. Соёл урлагийн замналаар өөрийн амьдралаа бүтээсэн Баян-Адарга сумын гэх олон сайхан уран бүтээлчдийн түүх байдаг.  Он цаг, орчин үеийн залуу сайхан уран бүтээлчид хүртэл соёлын байгууллагаар дамжин уран бүтээлийн гараагаа эхлэн амжилттай сайхан яваа нь бахархалтай билээ. Манай суманд түүх соёлын олон дурсгалт газрууд байдгаас Монгол хатдын өргөө цогцолбор, Хүннүгийн булш, Буурлын агуй, Хүслийн мод, Чингис хааны гэрэлт хөшөө, Арангатын рашаан зэрэг нь ард иргэд жуулчдын анхаарлыг татаж, сонирхох иргэдийн тоо жилээс жилд нэмэгдсээр байна. Манай соёлын төв нь  жил бүр 25-30 нэр төрлийн 130-168 үйл ажиллагаа тогтмол явуулдаг бөгөөд цаашид Хэнтий аймагтаа Баян-Адарга сумын Соёлын төв гэх нэрийг гарган, өндөрт өргөж иргэдэд соёлын үрийг цаг үетэй хослуулан хүргэж ажиллах шижигнэсэн 8 залуу боловсон хүчин хичээн зүтгэн ажиллаж байна.

2022-09-13 21:16:29