Сумын төвөөс баруун урагш 2 км орчим зайд оршдог. 1992 онд Түүх архилеоги судлаачид, эрдэмтэд судалгаа хийж улсын хамгаалалтад авсан.
Баян-Адарга сумын төвийн өмнөх дугуйран ургасан нарсан ой дотор Хүннүгийн язгууртны 200 гаруй булш тархан байрлах бөгөөд эдгээр булшнууд уг газрын нэрээр алдаршжээ. Дуурлиг нарсны дурсгалт газар нь манай орны нутгаас илэрч тэмдэглэгдсэн Хүннүгийн язгууртны булш бүхий 6 том оршуулгын газрын нэг төдийгүй хамгийн зүүн захад байрлах дурсгал юм. Уг булшнуудыг Хүннүгийн зүүн жигүүрийг захирч байсан язгууртан дээдсийн оршуулга хэмээн таамагладаг.
Дурсгалт газрыг анх 1974 онд Хөдөөгийн Пэрлээ илрүүлсэн ба 1990 онд Монгол-Японы хамтарсан “Гурван гол” төслийн хүрээнд булшийг тоолж бүртгэн, бүдүүвч дэвсгэр зургийг үйлдсэн байна. Анхны археологийн малтлага судалгааны ажлыг Монголын Үндэсний музей, ШУА-ийн Археологийн хүрээлэн, Солонгосын Үндэсний музей хамтран хэрэгжүүлж буй “Мон-Сол” эрдэм шинжилгээний төслийн хүрээнд доктор Г.Эрэгзэнгийн удирдсан хээрийн шинжилгээний анги хийсэн бөгөөд тус шинжилгээний ангийхан 2006-2010 оны хооронд Хүннүгийн язгууртны оршуулгын дурсгал болох үүдэвчтэй дөрвөлжин хэлбэрийн гадаад байгууламжтай 3 булш, дугуй хэлбэрийн гадаад чулуун байгууламжтай 11 жижиг булшийг малтан судалсан байна.
Дээрх булшны малтлагын үр дүнд Хүннүгийн язгууртны булшны бүтэц зохион байгуулалтын талаар багагүй шинэ мэдээлэл цуглуулснаас гадна авсны алтан чимэг, хүрэл дэнгийн цөгц, хүрэл гүц, хүрэл толь, шувууны дүрстэй чулуун зүүлт, хаш эдлэл, хүрэл болон төмөр тогоо, төмөр шанага, шүүлтүүр, улзарсан хөөмөл хээтэй бүсний алтан чимэг, гоёмсог хийцтэй шавар ваар зэрэг ховор сонин олдвор эд өлгийн зүйлсийг илрүүлэн олжээ. Эдгээрээс төмөр тогоо, төмөр шүүлтүүр гэх мэт
олдворууд нь өмнө нь Хүннүгийн дурсгалаас олдож байгаагүй шинэ олдворууд юм. Мөн шавар ваарны ёроолд дарсан тамга, хүрэл цөгцөн дотор хадгалагдсан өөхөн тос зэрэг хүннүчүүдийн оюуны болон эдийн соёлыг илтгэх шинэ содон эх хэрэглэгдэхүүн ч багагүй цугларсан байна.
Мон-Сол төслийн судлаачид 2009 онд малтлагаар илэрсэн олдворуудыг сэргээн завсарлаж Монголын Үндэсний музей, Солонгосын Үндэсний музейд үзэсгэлэн зохион байгуулж олон нийтэд сурталчилсан ба олон улсын эрдэм шинжилгээний хурал хийж дурсгалт газрын малтлага судалгааны талаар дотоод гадаадын эрдэмтэн судлаачдад танилцуулсан нь Дуурлиг нарсны дурсгалт газрыг Монголд төдийгүй дэлхийд таниулан сурталчилахад чухал ач холбогдолтой үйл ажиллагаа болжээ.
Цаашид төслийн хүрээнд Дуурлиг нарсны дурсгалт газарт байнгын үзэсгэлэн(дурсгалт газрыг танилцуулах музей), судалгааны төв байгуулахаар төлөвлөж байна. Байнгын үзэсгэлэнгийн танхимтай болох нь дурсгалт газрыг үзэхээр ирэх жуулчин, энгийн иргэдэд төдийгүй гадаад, дотоодын судлаач, оюутан зэрэг бүхий л хүмүүст дурсгалт газрын талаар харьцангуй дэлгэрэнгүй бөгөөд тодорхой мэдээлэл өгөх чухал ач холбогдолтой билээ. Дээрх ажлууд бүрэн хэрэгжвэл Дуурлиг нарсны дурсгалт газар нь Хэнтий аймаг төдийгүй манай улсын Зүүн бүс нутгийн томоохон түүх-соёлын цогцолборын нэг болон хөгжих боломжтой юм.
Мон-Сол төслийн 2010 оны хээрийн шинжилгээний анги 6-р сарын 12-ноос 8-р сарын 8-ны өдөр хүртлэх хугацаанд дээр өгүүлсэн том булш(1-р булш хэмээн тэмдэглэсэн)-ны малтлага судалгааны ажлыг эхлүүлж, өнгөн хөрснөөс доош 10 м гүнд хүртэл малтан бүтэц зохион байгуулалтын талаар тодорхой мэдээлэл цуглуулсан юм. Мөн өмнөх жилүүдэд малтлага судалгаа хийж амжаагүй уг том булшны өмнө болон баруун хажууд байрлах 5 дагуул булшийг малтан судлав.
Төслийн 2010 оны хээрийн шинжилгээний ангид Монголын талаас доктор Г.Эрэгзэн, докторант Н.Батболд, М. Баярсайхан, магистр Д.Базаргүр, П.Алдармөнх нарын судлаачид, Солонгосын талаас Хун Жин-Гөн, Рюү Жон-хан, Чан Өн-жон, Чэ Сон-э нарын Солонгосын Үндэсний музейн судлаачид болон Ённамын археологийн судалгааны хүрээлэнгийн Юн Мин-гөн, Дэхан археологийн судалгааны хүрээлэнгийн Мүн Жи-ён, Паг Хён-рёл нарын судлаач, Улаанбаатарын Их сургууль, Боловсролын Их сургууль, орон нутгийн 15 оюутан оролцон ажилласан.
2022-09-15 22:32:59