“Монгол их хатдын өргөө” цогцолбор

      Сумын төвөөс 1 километрт Дуурлигийн дэнж дээр Онон голын бэлчирт  “Монгол их хатдын өргөө” цогцолбор 2011 оны 06 дугаар сарын 17 –ний билэгт сайн өдөр үүдээ нээж нээлтийн ёслолд хүндэтгэл үзүүлэхээр монголын өнцөг булан бүрээс зочид төлөөлөгчид нэрт эмэгтэйчүүд хүрэлцэн ирж УИХ  -ын дэд дарга асан Д. Лүндээжанцан, УИХ –ын гишүүд, ОХУ –ын БНБуриад улсын Нийгмийн хамгааллын сайд хатагтай Хамаганова, Наталья Николаевна, Бүх Оросын буддын шашны тэргүүн хамба Дамба-Аюуш нарын хүндэт зочид оролцон нутгийн 108 ээжүүд тэнгэр бурхандаа сүүн цацал өргөж домогт хатдын өлгий нутгаан аргадаж, монголын цэц мэргэн харваач эмэгтэйчүүдийн бэлгэдлийн үзүүлбэр, урлаг соёлын алдартай эмэгтэйчүүдийн урлагийн тоглолтоор өнгө нэмж их түүхийн бахархал болгон Их өргөө үүдээ нээсэн юм.

      Хатан ухааны дээд мандах төрийн малгай гэгддэг богтог малгайгаар төв барилгыг бүтээж тойрсон есөн цагаан гэр, дөрвөн суваргаар мануулсан энэхүү өргөө нь наймдугаар Богд Жавзундамба хутагтын 2 хатан Цэндийн Дондогдулам, Наваанлувсангийн Гэнэнпил нарын төрсөн Хөвчийн жонон вангийн хошууны гол цөм нутагт Монголчуудын эв нэгдлийг илэрхийлэх, монгол хатдын түүхэнд байгуулсан алдар гавьяаг алдаршуулах, дурсан санах, эрх чөлөө сэргэн мандлын төлөө хүчин зүтгэж явсан монгол их хатдыг хойч үедээ сурталчлан таниулахад зориулагдан нутгийн иргэд эмэгтэйчүүдийн санаачлагаар УИХ –ын гишүүн Д. Арвины дэмжлэг хичээл зүтгэлээр байгуулагдсан.

Өргөөнд монголын түүхэнд алдар гавьяагаа мөнхөлсөн Алунгоо, Өүлэн эх, Бөртэ, Сорхугтани бэхи, Дөргөнө, Мандухай,  Ану, Ханджамц, Энэ нутгаас төрсөн Дондогдулам, Гэнэпил нарыг монголын хатан судлаач түүхч эрдэмтдийн судалгааг үндэслэн тодруулж дүрийг нь мөнхлөн байрлуулсан.

2022-09-15 22:40:50